30 жил, 30 баримт

Валентин Распутин “Мөнхийн үсэг” компанид зочлов.
2005 оны 5 дугаар сар. Өнгөрсөн зууны Зөвлөлт-Оросын хамгийн алдартай зохиолчдын нэг Валентин Распутин Монголд айлчлан ирж, зохиолыг нь монгол хэлээр эрхлэн гаргаж буй “Мөнхийн үсэг” компанид зочлов.
Тухайн үед “Иваны охин, Иваны эх” тэргүүт туужуудын монгол хэлээрх эмхтгэлийн эх бэлтгэлийн ажил ид өрнөж байсан бөгөөд нэрт орчуулагч, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Х.Мэргэний дуун хөрвүүлгээр уг номыг “Болор судар” хэвлэлийн газар эрхлэн гаргасан юм. В.Распутиныг Оросын томоохон хэвлэлийн газар “Издатель Сапронов”-ын эзэн Г.Сапронов, тус хэвлэлийн газрын зураач С.Элоян, орчуулагч Х.Мэргэн нар дагалдан явсан бол “Мөнхийн үсэг” компанийг үүсгэн байгуулагчдын нэг, Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан Т.Доржсүрэн, “Мөнхийн үсэг” компанийн УЗ-ийн дарга, өдгөө Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, номын техник редактораар ажилласан Ц.Жаргалсайхан нар угтан авч, эх бэлтгэл болоод хэвлэх үйлдвэр, компанийн үйл ажиллагааг танилцуулсан байна.
Улмаар 5 дугаар сарын 18-нд болсон номын нээлтэд зохиолч өөрийн биеэр оролцсон билээ. В.Распутин ЗХУ-ын Хөдөлмөрийн баатар цолтой, Зөвлөлт болон ОХУ-ын Төрийн шагналыг гурвантаа хүртсэн хүн юм. Түүний зохиолууд төрөлх хэлээрээ олон сая хувиар хэвлэгдэхийн зэрэгцээ гадаадын 40 гаруй хэлээр орчуулагдан гарчээ. В.Распутин 2010 онд Нобелийн утга зохиолын шагналд нэр дэвшиж байсан түүхтэй.

Leave a Reply

Your email address will not be published.