30 жил, 30 баримт

30 жил, 30 баримт
Ю.Цэдэнбалын тухай номын зохиогч “Мөнхийн үсэг” компанид
2004 оны 5 дугаар сар. Оросын алдарт сэтгүүлч Леонид Шинкарев Монголд ирж “Цэдэнбал, Филатова хоёр: Хайр дурлал, эрх мэдэл, эмгэнэл” номынхоо нээлтэд оролцохдоо “Мөнхийн үсэг” компанид зочилж, хэвлэх үйлдвэртэй танилцав. Л.Шинкарев 1980-аад онд Зөвлөлтийн “Известия” сонины тусгай сурвалжлагчаар Монголд ажиллаж байх үедээ тухайн үеийн төрийн тэргүүн Ю.Цэдэнбал, түүний гэр бүлийнхэнтэй ойр дотно байсан бөгөөд нийтдээ 20 гаруй жилийн турш цуглуулсан баримт материал дээрээ тулгуурлан энэ номыг бичсэн юм.
Ю.Цэдэнбалын амьдралыг хамгийн үнэн бодитой харуулсан хэмээн шүүмжлэгчдээс өндөр үнэлэлт авсан энэ номыг нэрт орчуулагч Х.Мэргэний орчуулснаар “Мөнхийн үсэг” компани хэвлэсэн нь тэр даруйдаа Монголын уншигчдын талархлыг хүлээж монгол хэлээр дахин нэг удаа, мөн ОХУ-д орос хэлээр хэвлэгдсэн билээ. Тухайн үеийн хэвлэлийн хамгийн сүүлийн үеийн технологи, нарийн адармаатай арга техник ашиглан хэвлэсэн энэ ном эдүгээ монгол уншигчдын эрж сурагладаг, олдохуйяа бэрх номын тоонд оржээ.
Л.Шинкарев нь Ази, Африкийн 10 гаруй оронд сурвалжлагчаар ажилласан төдийгүй Энэтхэгийн далай, Сибирийн голуудаар хийсэн аялал, Хойд туйлд байсан, Амазон мөрөн, Калахарийн цөл, Австралийн уугуул иргэдийн дунд амьдарсан тухайгаа 10 шахам ном бичсэн юм. ОХУ-ын Сэтгүүлчдийн эвлэлээс “Оросын сэтгүүлзүйн домог” хэмээх хүндэт цолыг хүртсэн тэрбээр эдүгээ 91 нас сүүдэртэй, Москва хотод энх тунх аж төрж байна.

Leave a Reply

Your email address will not be published.