30 жил, 30 баримт

“Монголын нууц товчоо”-ны сонгомол эхийг төрийн гурван өндөрлөгт гардуулав
2004 оны 4 дүгээр сар. Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гаргаж, монгол айл бүр “Монголын нууц товчоо”-г хүндэтгэн залах тухай заасныг “Мөнхийн үсэг” компани талархан хүлээж авав. Улмаар “Монголын нууц товчоо”-ны сонгомол эхийг нийтийн хүртээл болгох эрхийг авч, уг номыг хэвлэж эхэллээ. Монгол төрийн гаргасан энэхүү түүхэн чухал шийдвэрийг компанийн удирдлага эрхэмлэн хүндэтгэж буйн илэрхийлэл болгож тусгай технологийн дагуу, үнэт материал оролцуулан, эрдэнийн чулуугаар чимэглэсэн гурван хувь “Монголын нууц товчоо” бүтээсэн бөгөөд тэдгээрийн эхнийхийг “Мөнхийн үсэг групп”-ийн Удирдах зөвлөлийн дарга Г.Батмөнх, Монгол Улсын Ерөнхийлөгч Нацагийн Багабандид бараалхаж гардуулсан юм. Үүнээс хэд хоногийн дараа мөн УИХ-ын дарга Н.Энхбаяр, улмаар Ерөнхий сайд Ц.Элбэгдоржид бараалхан тэрхүү тусгай хувь “Монголын нууц товчоо”-г өргөн барьсан түүхтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2004 оны 23 тоот түүхэн зарлигт заасан ёсоор шижир алт, цалин цагаан мөнгөөр чимэглэсэн, эрдэнийн чулуун шигтгээт хосгүй нэг хувь “Монголын нууц товчоо”-г монгол дархчууд урлан Төрийн хүндэтгэлийн өргөөний хойморт залсан бөгөөд “Мөнхийн үсэг” компанийн бүтээж өргөсөн “Монголын нууц товчоо” эдүгээ мөн Төрийн ордонд хүндтэйгээр хадгалагдан буй.
“Монголын нууц товчоо”-ны сонгомол эхийг Монголын түүх, хэл бичиг, утга зохиол судлалын гарамгай эрдэмтэд болох академич Ш.Бира, Д.Төмөртогоо, Д.Цэрэнсодном, профессор, доктор Т.Дашцэдэн, Б.Сумьяабаатар, Д.Цэдэв, Ш.Чоймаа нар хамтран боловсруулсан билээ.

Leave a Reply

Your email address will not be published.