30 жил, 30 баримт

Азийн загвар байгууллага болов
Азийн бүтээмжийн байгууллага болон Монголын бүтээмжийн төвөөс зарласан “Загвар байгууллага” төслийн сонгон шалгаруулалтад “Мөнхийн үсэг” компани шалгарч, Монголд анх удаа Материалын урсгал зардлын тооцоолол-ISO:14051 стандартыг нэвтрүүлэх төслийг амжилттай хэрэгжүүлэн уг стандартыг үйл ажиллагаандаа мөрдөж эхлэв. Улмаар энэ стандартаар Монголдоо төдийгүй Ази, Номхон далайн бүс нутагт “Загвар байгууллага” болж, батламж гардсан юм.
ISO:14051 нь үйлдвэрлэлийн хаягдал, алдагдлыг бууруулах, эрчим хүч хэмнэх замаар байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл явуулах, улмаар бүтээмж, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх зорилготой, хүрээлэн буй орчны менежментийг сайжруулж, ногоон үйлдвэрлэл бий болгоход чиглэсэн стандарт бөгөөд уг стандартыг хэрэгжүүлснээр материалын зарцуулалтын үр ашгийг нэмэгдүүлэн зардал болон алдагдлыг багасгаж, улмаар эрчим хүчний хэмнэлтийг бий болгодог. Төсөл хэрэгжих явцад олж авсан мэдлэг туршлага, ололт амжилтыг түгээн дэлгэрүүлэх замаар бусад байгууллагуудын бүтээмжийг дээшлүүлэхэд гар бие оролцох, Монгол улсын төдийгүй дэлхийн байгаль орчин, экологийн тэнцвэрт байдлыг хангахад хувь нэмрээ оруулах явдлыг “Мөнхийн үсэг” компани ихээхэн чухалчилж байв.
Азийн бүтээмжийн байгууллагын хувьд энэ төслийг хэрэгжүүлж, ISO:14051 стандартыг нэвтрүүлснээр Монгол улс төдийгүй Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд байгаль орчинд ээлтэй, ногоон хөгжлийн болон жижиг дунд үйлдвэрлэлийн бодлогыг хөгжүүлэх хэтийн зорилготой.
“Мөнхийн үсэг” компани уг стандартыг хэрэгжүүлснээр дээр дурдсан зорилтуудыг биелүүлэхийн сацуу Азийн бүтээмжийн байгууллагын гишүүн 20 гаруй орон болон олон улсад Монгол улсаа сурталчлах; дотоодын аж ахуйн нэгж, байгууллагууд өндөр зардлаар гадаад улс орнууд руу зорчихгүйгээр тухайн туршлагыг үндэснийхээ компаниас судлах бололцоог нээсэн билээ.
“Мөнхийн үсэг” компани өмнө нь ISO 9001:2008 олон улсын стандартыг Монголын хэвлэлийн салбарт анх удаа нэвтрүүлж байсан бол бас нэг чухал стандартыг Монголд мөн ийнхүү нутагшуулсан түүхтэй.

Leave a Reply

Your email address will not be published.