30 жил, 30 баримт

Азийн хамгийн том номын яармагт Монголоо төлөөлөв
2010 оны 1 дүгээр сар. Монгол улсын хэвлэлийн газар, номын худалдааны байгууллагуудыг төлөөлөн “Болор судар” хэвлэлийн газар Энэтхэг улсын Колката хотод жил бүр болдог номын яармагт оролцов. 34 дэх жилдээ зохион байгуулагдсан тус яармагт Монгол улс анх удаа оролцож байгаа нь энэ болжээ. “Колката-2010”-ын зохион байгуулагчид энэ явдлыг онцгой анхаарч “Мөнхийн үсэг групп”-ийн Удирдах зөвлөлийн дарга Б.Батцэцэг, “Болор судар” хэвлэлийн газрын ахлах менежер Б.Уранболор нарт “Special appearance” хэмээх өргөмжлөл хүртээсэн байна.
Колкатагийн яармагт Энэтхэг улсаас гадна Их Британи, Герман, АНУ, Мексик, Бразил, Испани, Хятад, Япон зэрэг ном хэвлэлийн томоохон гүрнүүд оролцсоноор павильоны тоо 571 болсон юм. Монголын павильоныг Энэтхэг улсад суугаа Элчин сайд В.Энхболд, тус хотод суух Монгол улсын өргөмжит консул Ж.Далимиа, Монголын төлөөлөгчдийн тэргүүн Б.Батцэцэг нар тууз хайчлан албан ёсоор нээжээ.
Яармагийн үеэр манай төлөөлөгчид хэвлэлийн бага хурал зохион байгуулж, Колката хотын “The Telegraph” сонин болон телевизэд ярилцлага өгөв. Мөн үзэсгэлэнд оролцож буй хэвлэлийн 10 гаруй компанийн төлөөлөгчидтэй уулзаж, номын дэлгүүрийн үйл ажиллагаатай танилцжээ. Улмаар “Болор судар” хэвлэлийн газрын эрхлэн гаргасан болон бусад монгол номуудыг яармагт оролцогч олон хэлийн уншигч, хэвлэлийн газрынхны хүртээл болгосон билээ.
Колкатагийн яармаг нь номын худалдааныхан төдийгүй олон нийтэд нээлттэй зарчмаараа онцгой бөгөөд Азийн хамгийн том номын яармаг юм. Мөн Франкфурт, Лондоны үзэсгэлэн яармагийн дараагаар дэлхийн номын гурав дахь том арга хэмжээнд тооцогддог байна.

Leave a Reply

Your email address will not be published.